Зуун мянган айлын орон сууцыг хэзээ барих вэ?

Монголын мянга мянган залуус, мянга мянган бага дунд орлоготой иргэдийн байртай болох мөрөөдөл унтарсангүй. Хэдийгээр байрны үнэ өдрөөс өдөрт өсч байгаа ч бага дунд орлоготой иргэдийн орон сууцтай болох горьдлого одоо ч тасраагүй хэвээр байна. Тэд хүлээсээр л, цаг хугацаа урссаар л. Хуанлийн хуудас нэг нэгээр урагдсаар шинэ он гарахад ердөө ганцхан сар л үлдлээ. Гэтэл 2011 онд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бага дунд орлоготой иргэдийг байртай болгох хөтөлбөр “0” хэвээр байгаа.


БНХАУ-ын зээлээр “Шинэ Яармаг” хороолол босно
Намрын эхэн сард буюу наймдугаар сарын 26-ны билэгт сайн өдөр Яармагийн дэнжид шинэ хорооллын шавыг тавих ёслол болсон юм. Энэхүү ёслолд Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны Улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан оролцсон ч учиртай. Монголын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ бүтээн байгуулалт” дунд зорилтот хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 100 мянган орон сууц  баригдахаар төлөвлөсний 75 мянга нь нийслэлд сүндэрлэнэ. Энэ 75 мянган айлын орон сууцны  15 мянга нь Яармагийн дэнжид баригдах бөгөөд үүнийг Хятадын Засгийн газраас санхүүжүүлж байгаа билээ. Нийтдээ 300 тэрбум төгрөгөөр уг хорооллыг цогцлоох бөгөөд үүнд дунд сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд иргэдэд нэн тэргүүнд шаардлагатай үйлчилгээний байгууллагуудыг ч барихаар төлөвлөжээ. Албаны хүний үгээр Яармагийн дэнжийг чимэглэх шинэ хорооллын инженерийн шугам сүлжээний ажил хийгдэж байгаад хүйтний эрч нэмэгдсэнээр түр завсарлаад байгаа гэсэн. “Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хорооллын санхүүгийн эх үүсвэрийн 300 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг 12 жилийн хугацаатайгаар Монгол Улсын Хөгжлийн банкны гаргаж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл, энэхүү зээлийн эргэн төлөх асуудлыг Хөгжлийн банк дааж байгаа юм. Шинэ хорооллыг гурван  хэсэгт хуваан тус бүр хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Finland Sevastopol joomla